Улсын төсөв тойрсон маргаануудыг та надаас илүү мэдэх биз ээ. Учир нь над шиг чихээ дараад, нүдээ аниад явдаг хүн байхгүй байх.
За тэгээд Монгол Улсын маань төсөв ер нь ямархуу байдалтай байдгийг мэдмээр санагдаад өнөөдөр өглөөнөөс хойш л бөөн юм боллоо. Бага сага мэдээлэл олдсон нь дандаа төгрөгөөр.. Төгрөгийн ханш гэж тогтворгүй юм байдгийг бодолцоод ерөөсөө төсөв ба ДНБ/дотоодын нийт бүтээгдэхүүн/-ий хэмжээг доллараар илэрхийлсэн өгөгдөл хайлаа. Хайх явцад иймэрхүү сайт ч олдлоо.
Эцэст нь хүссэн мэдээллээ монголоос олоход бэрхийг мэдрээд Дэлхийн банкны сайт руу өнгийж мэдээлэл авлаа.

Ингээд Монгол Улсын ДНБ 1981 оноос хойших хугацаанд ямар хэмжээтэй байсныг сонирхоцгооё.

зураг

Диаграмаас харахад 1989 онд хэдийгээр социалист нийгэм задран унаж байсан ч ДНБ тухайн үеийнхээ оргилд /3'576'966'795 ам.доллар/ хүрч байжээ. Мөн бид энэ төвшиндөө дахин хүрэх гэж даруй 18 жилийг зарцуулж 2007 он гэхэд дөнгөн данган 3.9 тэрбум ам.доллар болжээ.

За яах вэ, ДНБ ингээд өсч байгаа нь сайн л хэрэг. Тэгвэл төсөв маань яаж байгаа бол?
Ингээд улсын төсөв ДНБ-ий хичнээн хувийг эзэлдэгийг харцгаая.

зураг

Энд яагаад ч юм 2004 ба 2005 оны өгөгдөл алга байлаа. Манайхан Дэлхийн банкинд мэдээгээ өгөөгүй юм байх даа.

Диаграмаас сүүлийн жилүүдэд ДНБ-д төсвийн эзлэх хувийн жин багассан байгаа нь харагдаж байна. Овоо доо, эдийн засагтаа учруулах дарамтаа багагсгаж байгаа нь. Гэхдээ "76"-д тэгж саймшрах болоогүй шүү. Төсвийн нийт хэмжээг аваад үзсэний дараа та өөрийн дүгнэлтийг өгөөрэй.

зураг

2004 ба 2005 онуудын тоон мэдээ байхгүй байсныг регрессийн шинжилгээний тусламжтайгаар үнэлж үзэхэд харгалзан 0.6 ба 0.8 тэрбум доллар гэж гарч байна. Детерминацын коэффициент нь 0.98 гэж гайгүй өндөр гарч байгаа болохоор муугүй үнэлэлт болсон гэж бодож байна. Зураг дээр регрессийн тэгшитгэлийн /куб зэргийн олон гишүүнт/ график харагдаж байна.

Төсөв улам л данхайгаад байгаа биз.
Тэгвэл "76" энэ төсвийг хэрхэн зарцуулж байгаа бол? Та надаас илүү мэднэ байх.
Миний бодлоор өчигдрийн төсвийн хэмжээгээрээ өнөөдөр амьдраад илүү орлогоо хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулмаар юм. Учир нь энэ тоонууд ам.доллараар. Тиймээс өчигдөр болоод л байсан юм чинь өнөөдөр болж л таарна. Үнэхээр ингэхээс ч өөр аргагүй. Бид 1989 онд байсан төвшингөөсөө хол илүү хөгжчихөөгүй байгааг эхний диаграмаас бүгдээрээ харцгаасан шүү дээ. Гэтэл түүнээс хойш 21 жил өнгөрчихөөд байна. Энэ бол маш урт хугацаа.. Тэгэхээр бид бүтээж байгаа баялагаа идэж ууж үрэн таран хийх биш харин ирээдүйгээ харж хөгжил дэвшилд зарцуулмаар байна.

Ингээд бичиж суутал бас нэгэн бодол төрлөө. Төсвийг зөв зарцуулна гэж байх уу? Учир нь төр хамгийн муу менежер шүү дээ. Ерөөсөө хамаг бүгдийг энэ төр хуу хурааж цуглуулаад байх нь зөв юм уу? Танд энэ талаар олон юм ярилгүйгээр Wikipedia сайтаас авсан нэг мэдээллийг танилцуулъя. Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийн 185 улсаас 143-т, харин төсвийн хэмжээгээрээ 126-д жагсаж байна.
Харин дэлхийн банкны мэдээгээр төсвийн ДНБ-д эзлэх хувийн жингээр ихээс бага руу жагсаахад 89 орноос 37 дугаар байрт орж байна /Энд жиших боломжтой орнуудыг, жиших боломжтой хамгийн сүүлийн оныг авсан/. Тэгэхээр манай төсөв данхагар байгаа биз.

Бид төр гээч хамгийн муу менежерт ийм их хөрөнгийг захиран зарцуулах эрх өгөөд байх хэрэг байна уу? Илүү дутуу татвар хураамжийг хувийн хэвшилд нь үлдээчихвэл яасан юм бэ? Тэд хамаагүй үр ашигтай зарцуулах биш үү?