Монгол дахь маркетингийн хөгжил дэндүү "бохир" тал руугаа яваад байх шиг. Маркетинг бол хэрэглэгчдийг зальдах арга ухаан гэж хэлмээр санагдаад байна. Өөрсдийгөө маркетер гээд нэрлэчихсэн юмнууд адаглаад хийж байгаа зар сурталчилгааныхаа агуулгын үнэн бодит байдалд анхаардаг болоосой. Дөнгөж сая ийм реклам зурагтаар цацагдлаа. Эхлээд сонсохдоо чихэндээ ч итгэсэнгүй. 110 хувийн хямдрал гэвэл та үнэмших үү? За ямар учиртай 110 хувь болохыг танилцуулъя.

Энд хэн нэгний нэр хүндэд халдаж дайрч давшлах гээгүй тул рекламанд дурдагдсан бараа, тухайн компани аж ахуйн нэгжийн нэрийг дурдахаа болъё.

За тэрхүү сурталчилгааны утга нь:

аавд 20 хувь
ээжид 40 хувь
хүүхдэд 50 хувь
нийлээд 110 хувь

Зэрвэсхэн харахад 20+40+50=110. Зөв л дөө, зэрвэс харахад. Харин энд хувь хэмжээ яригдаж байгаад л хамаг учир нь байгаа юм л даа. Та битгий төвөгшөөгөөрэй, жаахан математик тооцоо хийцгээе.

100 төгрөгний үнэтэй бараа 25 хувь хямдарлаа гэвэл та тэрхүү барааг 75 төгрөгөөр худалдаж авах нь ойлгомжтой. Тэгвэл 110 хувийн хямдралтай бараа гэвэл ямар ч үнэгүйгээр үл барам бүр урвуугаар худалдагч танд барааны үнийн дүнгийн 10 хувийг нэмж өгөх болж таарна. Үнэхээр ийм байх уу? Байхгүй нь мэдээж. Тэгэхээр дээрх сурталчилгаа хэрэглэгчдийг төөрөгдүүлэх бүр цаашилбал хууран мэхлэх агуулгатай байх нь ээ. Танд ямархуу сэтгэгдэл төрж байна даа?
Одоо тэгэхээр бодит хямдрал нь хэдэн хувь болох нь вэ гэдгийг танд харуулъя. Аав, ээж ба хүүхдэд тохирох бараануудын үнийг харгалзан X, Y ба Z гэж тэмдэглэе. Хямдраагүй үнэ X+Y+Z. Харин аавд тохирох барааны хямдарсан үнэ X*(1-0.20)=0.8*X бол ээж ба хүүхдэд харгалзах нь 0.6*Y ба 0.5*Z болно. Тэгэхээр гурван төрлийн барааны бүгдийнх нь хямдарсан үнэ 0.8*X+0.6*Y+0.5*Z боллоо. Нийт барааны хямдралын хувь хэмжээ k*(X+Y+Z) байдлаар илэрхийлэгдэх ёстой. Гэвч энд байгаа 8, 6 нь 5-тай харилцан анхны тоонууд болохоор дээрх хэлбэрээр илэрхийлэх боломжгүй. Иймээс хялбар үнэлгээ хийе. Маркетерууд аль болох их хямдрал үзүүлж байгаа гэсэн санааг рекламдаа үзүүлэхийг зориод байсан тул хямдарсан үнийг багагсгах маягаар үнэлье. 0.8*X+0.6*Y+0.5*Z>=0.5*X+0.5*Y+0.5*Z=0.5*(X+Y+Z) буюу хамгийн ихдээ 50 хувь л хямдарсан байх боломжтой байна. Нэмж хэлэхэд үүнтэй төстэйгээр хамгийн бага хямдрал 20 хувь болох нь харагдаж байна.

Үнийн дүнгээсээ шалтгаалан 20-иос 50 хувь байх хямдралыг 110 хувийн хямдрал гэж сурталчлахын учир юу вэ?

Өөр нийтлэг жишээ авч үзье. 5 сугалаа тутмын 1 нь хонжвортой. "Та таван сугалаа авчих. Тэгвэл нэгд нь хонжвор таарна" гэж хэлээд байна аа даа. Гэтэл яс юман дээрээ хэзээ ч тийм байхгүй. Ийм тохиолдолд би сугалааг худалдан авах шийдвэрийг нийт хичнээн ширхэг сугалаа гаргасныг нь лавлаж тодруулсаны дараа л гаргана. Гэвч тэд үүнийг хэлэхгүй. Хэлэх л юм бол өнөөх рекламных нь зэс цухуйна шүү дээ. За хамтдаа зэсийг нь цухуйлгая.

Нийт сугалааны тоог N /жишээлээд 1000/ гэе. Тэгвэл дээрх ёсоор хонжвортой сугалааны тоо N/5=200 харин хонжворгүйнх нь N-N/5=4/5*N=0.8*N=800 болно. За рекламд юу гэлээ? "5 сугалаа тутмын 1 нь хонжвортой". Гэтэл 0.8*N=800 ширхэг сугалаа авчихаад байхад хонжвор таарахгүй байх боломж байсаар л байна шүү дээ.

Мөн гар утсаа цэнэглэсэн нэгжээ сугалаанд дөрвөн бэрх тааруулаад 1000 (мянга) хувь өсгөж авах тухай реклам байна. 1000 гэдэг том тоогоор хүмүүсийг хулхидах гэсэн өрөвдмөөр оролдлого. 1000 хувь гэдэг бол цэнэглэсэн нэгж буюу мөнгөн дүнгээ 10 дахин нэмэгдүүлнэ л гэсэн үг. Харин 10-аар үржүүлэхэд гарах тоо цэнэглэсэн нэгжний мөнгөн дүн бага үед үнэндээ юу ч биш юм. Бас тэр хэвлэмэл цаасан дээр дөрвөн бэрх хэр олныг хэлэхэд бэрх. Тэгэхээр үнэндээ бол дэмий хоосон горьдлого гэсэн үг.

Ингэхээр яах ч аргагүйгээр "маркетинг - хэрэглэгчдийг зальдах арга ухаан" гэдэг дүгнэлт л урган гарч байгаа юм даа.