Батарей буюу зайны тухай бүгд
Ахин цэнэглэдэг батарей буюу зайны талаарх товч мэдээлэл болон зайг хэрхэн зөв хэрэглэх тухай зөвлөмж
Төрөл, багтаамж, цэнэглэх, хадгалах, цэнэгээ хэмнэх, эдэлгээг уртасгах..
Төрөл
- Nickel Cadmium (NiCd) батарей
Нэлээд хуучны технологи бөгөөд иүү тайлбарлах нь ач холбогдолгүй тул ингээд орхиё. - Nickel-metal Hydride (NiMH) батарей
Бидний хамгийн анх өргөнөөр хэрэглэж байсан Nokia 3210 утас ийм батарейтай байсан. Харин одоо бол ийм төрлийн батарейны гол төлөөлөл гэвэл ахин цэнэглэдэг, AA хэмжээтэй хуруу зайг нэрлэж болно. NiCd батарейнаас 30 орчим хувиар илүү чадалтай. Цэнэгийг нь бараг бүрэн шавхасны дараа цэнэглэх нь тохиромжтой. NiMH төрлийн AA болон AAA хуруу зай цэнэглэгчдэд байдаг Refresh функц нь чухам энэхүү цэнэгийг нь бүрэн дуусгаад ахин цэнэглэхэд зориулсан юм. Гэвч энэ функц зайны насжилт буюу ашиглах хугацааг багасгана. Үйлдвэрлэгчдийн зүгээс уг функцийг хагас цэнэгтэй үед нь цэнэглэсээр эцэстээ бүрэн дүүрэхээ больсон зайны багтаамжийг заасан хэмжээнд хүртэл цэнэглэхэд ашиглана гэж зааварчилсан байдаг. NiMH батарейг хэт /бүхэл шөнөжин, бүтэн хоногоор/ цэнэглэвэл нурах аюултай. - Lithium-ion (Li-ion) батарей
Энэ нь NiMH ба NiCd батарейнуудын аль алиных нь давуу талуудыг хадгалсан шинэ технологи бүхий батарей юм. Lithium-ion батарей нь хөнгөн жинтэй мөртөө өндөр чадалтайгаараа онцгой. Адил mAh бүхий NiMH батарейнаас 20-35 хувиар хөнгөн ба 10-20 хувиар илүү чадалтай. Хагас цэнэгтэй үед нь нэмж цэнэглэх боломжтой. Харин хэт цэнэглэвэл мөн л нурах аюултай байдаг.
Багтаамж
Лэптоп компьютерийн зайн цэнэгийн үзүүлэлтийг вольт ба миллиампер цаг нэгжүүдээр хэмждэг. Жишээлбэл, 10.8V, 5300mAh. Нийт багтаамжийг ватт цаг /watt hours/ нэгжээр хэмжих бөгөөд энэ нь вольт ба ампер цагийн үржвэрээр тодорхойлогдоно. Жишээлбэл, 10.8V * 5300mAh = 57.2 WHr /watt hours/.
Цэнэглэх
- Шинэ зайг ашиглахын өмнө заавал бүрэн цэнэглэнэ.
- Шинэ зайг хэд хэдэн удаа бүрэн цэнэглэж бас цэнэгийг нь дуусгасны /нэг ээлж/ эцэст бүрэн багтаамжиндаа хүрнэ.
- Шинэ зайг дөнгөж цэнэглэж эхлэнгүүт дүүрлээ гэх мэдээлэл өгөх нь бий. Энэ нь дахин цэнэглэгддэг зайны хувьд байдаг л зүйл бөгөөд салгаад ахин цэнэглэнэ.
- Ашиглалтын явцад нэг юм уу хоёр долоо хоногт нэг удаа суллаад дүүртэл нь цэнэглэнэ.
- Хэт цэнэглэж болохгүй.
- Цэнэглэх бас ашиглах үед зай халдаг. Энэ нь хэвийн үзэгдэл.
Хадгалах
- Сэрүүн, хуурай нөхцөлд хадгална.
- Хадгалах зайг бүрэн цэнэглэсэн байна.
- Хадгалалтад байгаа зай цэнэгээ алдаж байдаг тул хэсэг хугацааны дараа ахин цэнэглэх шаардлагатай.
- Лэптопоо хэсэг хугацаанд хэрэглэхгүй бол зайг нь заавал салгана. Ингэж хадгалахдаа дээрх зааврыг дагана.
Цэнэгээ хэмнэх
- HDD дискийг Defragment хийх - Дискний энд тэнд хуваагдаж бичигдсэн файлыг уншихад тулд диск хөтлөгч сул гүйж /илүү ажил/ цэнэгийг үргүй зарцуулахад хүрдэг. Иймээс ядаж сард нэг удаа defragment хийж байх нь ашигтай.
- Дэлгэцийн гэрлээ бүдэгрүүлэх – Дэлгэцний гэрэлтүүлэгт багагүй цэнэг зарцуулагддаг тул энэ арга нэлээд үр нөлөөтэй.
- Дэлгэц амраагчийг blank дээр тохируулах - Хэдий гоё ч аквариум зэрэг дэлгэц амраагчаасаа татгалзах хэрэгтэй. Үүний оронд дэлгэц чинь зүгээр л унтарчихдаг байхаар тохируулах нь зүйтэй.
- Ажиллаж байгаа програмуудаас хэрэггүйг нь хаах, програмуудынхаа тохиргоог оновчтой хийх - Ажиллаж байгаа програмууд CPU ба санах ойд ачаалал өгч ингэснээрээ цэнэгнээс хумсална. Мөн auto save зэргийг идэвхгүй болгох гэх мэт цэнэг хэмнэх боломжууд байна.
- Гадаад төхөөрөмжүүдийг салгах – USB төхөөрөмжүүд (флаш диск, iPod, хулгана гэх мэт) бас WiFi нь цэнэгийг залгилж өгдөг. Ашиглаагүй л бол заавал салгаж хэвших нь зөв.
- RAM буюу шуурхай санах ой - Үйлдлийн систем санах ой хүрэлцэхгүй үед хатуу дискэнд байрлах файл - виртуал санах ойг ашигладаг. Хэрвээ санах ойг эрчимтэй ашигладаг програм түлхүү хэрэглэгдэг бол санах ойгоо нэмэх, харин бага ашигладаг бол нэмэхгүй байх нь зөв юм. Шуурхай санах ойгоо нэмэхдээ дараах зүйлийг анхаараарай. Бага хэмжээтэй RAM хоёрыг авч хийснээс их багтаамжтай ганцыг авч хийх нь ашигтай. Учир нь RAM бас л цахилгаан цэнэг зарцуулна. Товчхондоо хоёр төхөөрөмж хоёр дахин их цэнэг зарцуулна.
- CD/DVD-ийг бага ашиглах - CD ба DVD хөтлөгчид дискийг эргүүлэх бас уншихдаа маш их цэнэг зарцуулдаг.
- Зайны холболтыг цэвэр эсэхийг шалгах - Холбогч хэсгийн бохирдлыг цэвэрлэснээр дамжуулалтын үеийн алдагдлыг бууруулах сайн талтай.
- Зайгаа зөв цэнэглэх - Хэрвээ та зөв цэнэглэж хэвшвэл зай чинь ч бас "дасгалждаг". Энэ талаарх мэдлэгийг дээр бичсэн хэсгүүдийг уншсанаар олж авна.
- Hibernate ба standby зэргийг зөв ашиглах – Standby горимд цэнэг хэмнэх боловч лэптоп тодорхой хэмжээнд ажилласаар байдаг тул цэнэг зарцуулагдсаар л байдаг. Иймээс нэлээд "их" хугацаагаар лэптопоо орхиод ахин үргэлжлүүлэн ажиллах тохиолдолд hibernate хийлгэж байгаарай. Hibernate нь компьютерийн нээлттэй програм бас бусад зүйлсийг хадгалаад бүрэн унтардаг.
- Төхөөрөмжүүдийн хөргөлт - CPU бас бусад төхөөрөмжүүд сэрүүн нөхцөлд илүү бүтээмжтэй ажилладаг. Иймээс хөргүүрийг нь цэвэрлэж, ажиллагааг нь шалгаж байгаарай.
- Хүйтэн ба халуун - Хэт хүйтэн эсвэл халуун орчинд зай цэнэгээ амархан алддаг.
- Power options-ыг оновчтой тохируулах – Power Options руу орж өөрийн хэрэглээ ба таашаалд нийцүүлэн хамгийн оновчтойгоор тохиргоог өөрчлөөрэй.
- Зарим зүйлийг хийх хэрэггүй – Дуу сонсох, клип ба кино үзэх, тоглоом тоглоод хайран цэнэгээ хамаагүй бараад хэрэггүйг сануулъя. Эдгээр үйлдлүүд нь цэнэгийг текст шивэх, мэйл шалгах зэрэгтэй харьцуулшгүй ихээр үрэн таран хийдэг.
Эдэлгээг уртасгах
- Зөв цэнэглэх.
- Зөв хадгалах.
Эдгээрт хамаарах заавруудыг дээрх хэсгүүдийг уншсанаар мэдэх болно.
Анхаарах бусад зүйлс
- Унагаж болохгүй.
- Зайн үүрийг нээж, задалж болохгүй.
- Зориулалтын бус төхөөрөмжид залгаж болохгүй.
- Богино холболт үүсгэж болохгүй.
- Зайн дээр бичигдсэн ашиглалтын зааврыг баримтлах.
- Тогонд залгаж удаан хугацаагаар ажиллах тохиолдолд зайг салгаж авах. Энд нэг зүйлийг онцлон хэлье. Ажиллаж байгаа лэптоп буюу зөөврийн компьютероос батарейг нь шууд салгаж авч мөн буцаан хийж болдог. Би өөрийн Dell Vostro болон ThinkPad лэптопуудын батарейг тийнхүү салгаж залгаад ашигладаг бөгөөд унтрах, тасалдах зэрэг ямар нэг доголдол нэг ч удаа гарч байгаагүй шүү.
- Та ямар ч зайг яалаа ч үүрд хэрэглэсээр байж чадахгүй. Зайнд ашиглагдах хугацаа буюу амьдарлын мөчлөг /суллаад ахин цэнэглэх тоо/ нь хязгаартай байдаг.
За таны батарей урт наслах болтугай.