Блогоор чинь бараг хэн ч зочлохгүй, эл хуль байсаар байна уу? Зарцуулсан хөлс, хөдөлмөр чинь нэг л үр бүтээлгүй байна уу? Блогоо амьдрал буцалсан олны хөлийн газар болгомоор байна уу? Блог төдийгүй веб сайтыг ч амжилттай ажиллуулахад хэрэг болохуйц санаа, зөвлөгөөнүүд хэрэгтэй байна уу?

Өмнө хуримтлуулсан туршлага, уншиж судалж байсан зүйлсээ эмхэлж цэгцлээд бяцхан зөвлөмж бичихийг оролдъё. Оролдъё гэснээс ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг шигээр аль болохоор өгөөжтэй зөвлөгөө өгөхийг хичээе ээ.

Загвар дизайн

Хүмүүсийн нүдэнд хамгийн түрүүнд тусч анхаарлыг нь татаж, сэтгэгдэл төрүүлэх зүйл бол загвар дизайн юм. Анхны сэтгэгдэл хамгаас хүчтэй байдаг гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

  1. Ялгах тэмдэг, эмблемтэй байх хэрэгтэй. Favicon /жижиг лого, манай сайтын хувьд налуу "Г" үсэг/ ч бас зайлшгүй байх зүйлсийн нэг.
  2. Шаардлагагүй, хэт олон виджет байх нь ганган хүнд гархи нэмэр гэдэг шиг л болно. Хэрвээ виджетүүд нь тухайн блогийн серверийнх бол серверийг унагаж, харин өөр сайтынх бол чиний блог өөр сайтуудаас хамааралтай болно гэсэн үг.
  3. Бүхэлдээ нэг төрлийн загвартай байх. Нэг хуудсанд эрс тэс загвартай модулууд байх нь костюмний дор пүүз өмссөнтэй л адил харагдана.
  4. Загвар дизайнаа блогийнхоо зорилго, онцлогт уялдуулах.
  5. Хуудас хоорондын холбоос, нийтлэлүүдийн ангилал, бүтэц зохион байгуулалт хялбар ойлгомжтой байх хэрэгтэй.

Загвар дизайн чинь аль болох цэмцгэр, өвөрмөц байх тусмаа сайн.

Агуулга

Хичнээн сайхан загвар, үзэмжтэй ч олигтой агуулгагүй бол зочид чинь эргэж орохгүй.

  1. Ямар сэдвээр бичих. Энэ маш чухал. Нийтлэл бүрээ төгс бичихийг хичээгээрэй. Энэ нь мэдээж төвөгтэй. Иймээс өөрийн хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлдээ тулгуурлаж болох юм.
  2. Хэтэрхий олон төрлийн сэдвээр бичих гэж хүчээ бүү тарамдуул. Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордогтой л адил.
  3. Бусдыг дагаж хошуурах хэрэг байна уу? Блог чинь бусдынхаас ялгарч байж л интернэт гэгч хязгааргүй ертөнцөд өөрийн орон зайг тогтооно. Жишээлэхэд, нэг хэсэг варез блог ба веб сайтууд борооны дараах мөөг шиг олширсоноос одоо тоотой хэд нь л үлджээ. Харин сүүлийн үед нийгмийн чиглэлээр их бичдэг болсон мэт анзаарагдана. Учир нь ийм блог, веб сайтууд руу хүмүүс ч ихээр хандах болсон. Шалтгаан нь төр засгийн эрх барьж байгаа бүлэглэлүүд ард түмний дуу хоолойг телевиз, радио, сонин гээд ихэнх чиглэлд бараг бүрэн хаасанд оршино гэж үзэж байна. Саяхнаас "түр журам" гээчийг батлан гаргаж интернэт дэх үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг хязгаарласан тул нийгмийн сэдвээр блог бичих нь хэр ирээдүйтэй бол? /хожим энэ талаар өөрийн үзэл бодлоо та бүгдтэй хуваалцах болно/
  4. Нийтлэлүүд чинь эсвэл сонирхолтой, шуугиан тарихуйц эсвэл хэрэгцээтэй, ач холбогдолтой байх хэрэгтэй.
  5. Гарчгаа оновчтой өгөх. Нийтлэлийн утга агуулгыг илэрхийлсэн эсвэл хүний сонирхлыг татахуйц гарчиг өг.
  6. Өөрийн үзэл бодлоо тусгасан байх. Уншигчдад чиний үзэл бодол хэзээд сонирхолтой байна.
  7. Товч бөгөөд тодорхой байх. Уншигчид залхуу учраас хэт урт нуршуу нийтлэлийг хэзээ ч уншихгүй.
  8. Мэдээллийг бүрэн өгөх. Жишээлбэл, орчуулгын мэдээний хувьд эхний хэсгийг бичээд үлдсэн хэсгийг тухайн сайтаас уншаарай гээд орхих нь уншигчдад огт таалагддаггүй.
  9. Үгийн алдаа, найруулгандаа анхаарах. Хэл найруулгаар чинь чамайг дүгнэх болно.
  10. Зураг, видео зэргээр баяжуулах. Зураггүй мэдээллийг нэг их хайхардаггүй.
  11. Тогтмол үетэйгээр байнга шинэчлэх. Хэдэн долоо хоног, сараар хаяснаа гэнэт бөөн нийтлэлээр бөмбөгдөх нь том алдаа. Шинэчлэгдээгүй удсан блогийг уншигчид тэр чигт нь мартаж орхидог бол гэнэт нийтлэгдсэн бөөн нийтлэлүүдийг тогтож уншдаггүй. Иймээс нийтлэгдэх хугацаа зэргийг тохируулан хадгалж болно.
  12. Хуучин нийтлэлүүдээ зөнд нь хаяж болохгүй. Засч, шинэчлэж л байгаарай. Тэднийг ч бас хүмүүс уншиж л байдаг. Дашрамд хэлэхэд би энэ нийтлэлээ хоёр дахиа засч нэлээд олон зүйлийг нэмж бичиж байна.

Агуулгын тал дээр аль болох бүтээлчээр хандаж, бусдыг бүү хуулбарлаарай.

Бусад

Сайхан загвар дизайн, сайн агуулга байлаа гээд бүгд шийдэгдэхгүй.

  1. Битгий ичээрэй. Намайг таньдаг хүмүүс юу гэж бодох бол гэх мэтээр санаа зовох нь туйлын буруу. Ичсэн хүн хүн ална гэдэг шүү.
  2. Өөрийнхөө тухай мэдээллийг бага зэрэг дэлгэх нь ашигтай. Блогийг хэн хөтөлж байгаа нь уншигчдад сонирхолтой байдаг. Бүр өөрийнхөө зургийг тавьж ч болно.
  3. Бусад блог ба олон нийтийн сайтууд дахь бүртгэлдээ өөрийнхөө блогийн хаяг болон нийтлэлүүдээсээ оруулах, нэрийн хуудсандаа хэвлэх, цахим шуудангийнхаа гарын үсгийн хэсэг болон мессенжерийнхээ статуст оруулах зэрэг хямд төсөр сурталчилгааны аргуудыг ашиглаарай.
  4. Найз блогуудтай болох. Өөр блогтой холбоо тогтоож холбоос ба нийтлэлүүдээ солилцох зэргээр хамтарч ажиллах нь хэн хэндээ ашигтай. Гэхдээ бүгдтэй найзална гэсэн үг биш. Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл муутай нөхөрлөвөл могойн хорлол гэдэг үгийг сануулчихъя.
  5. Бусад блог, форум, сайтууд дахь хэлэлцүүлэгт оролцож өөрийгөө буюу блогоо олон нийтэд таниулах.
  6. RSS болон нийтлэл хуваалцах бусад боломжуудыг нээж өгөх. Жишээлбэл нийтлэлүүдийг өөрсдийн Facebook-дээ оруулах товчлуурыг уншигчиддаа бэлтгэж өгөх. Одоо иймэрхүү хэрэгслүүд бараг бүх блог-үйлчилгээнүүдэд байдаг болсон.
  7. Шинэ нийтлэлдээ хуучин нийтлэлүүдээ холбож өгөх. Уншигчид тийм ч идэвхтэй биш учраас блогийг чинь бүтэн шүүрдэж үзэхгүй. Тиймээс шинэ уншигчдад зориулан урьд нь бичсэн онцлог нийтлэлүүдээсээ эргэн "сануулах" хэрэгтэй байдаг. Гэхдээ зүгээр л copy paste хийж болохгүй. Ингэвэл хайлтын системд муу үнэлэлт авах болно.
  8. Нийтлэлийнхээ дор холбоотой нийтлэл, дурын нийтлэл зэрэг модулуудыг байрлуулах. Цааш хөтлөн явах холбоос байхгүй бол хуудас хаагдах магадлал эрс ихэснэ. Иймээс блогтоо байгаа алт эрдэнэсээ аль болох ил гаргаарай.
  9. Нийтлэлдээ үүл буюу tag хавсаргах. Энэ нь холбоотой нийтлэл зэрэгт ашиглагдахаас гадна хамгийн чухал нь хайлтын системд үнэлгээ авах хүчин зүйл болдогт байгаа юм.
  10. sef url буюу хайлтын системд нийцтэй холбоос. Энэ нь бас л хайлтын систем дэх байраа ахиулахад нэмэртэй.
  11. Нийтлэлийн тойм /өөрөөр хэлбэл, Read more буюу Дэлгэрэнгүй/ заавал бичиж байх. Нэг хуудсанд хаанаас эхлээд хаана дууссан нь мэдэгдэхгүй урт урт нийтлэлүүд байх нь тийм ч оновчтой биш. Товчхондоо уншигчийн залхууг хүргэдэг.
  12. Нийтлэлийн архив гэсэн модулийг идэвхжүүлэх. Бичсэн нийтлэлийг чинь хэдэн сарын дараа унших хэрэг хэн нэгэнд гарч болно. Тэр үед календарчилсан архив л тус болно.
  13. Өөр блог ба сайт руу заасан холбоосыг шинэ хуудсанд нээгдэхээр тохируулах. Back товч дарж блог руу чинь буцах хүн тийм ч олонгүй л байх. Иймээс зочдоо бусдад алдахгүйн тулд холбоос оруулахдаа хянуур байгаарай.
  14. Уншигчдынхаа дунд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах. Жишээлбэл Валентины өдрийг тохиолдуулан хайрын дөрвөн мөртийн уралдаан зохиох.
  15. Нийтлэлийн дор сэтгэгдэл бичих боломжийг үлдээх. Сэтгэгдэл бичих боломжгүй бол блог чинь амьдаараа үхсэнтэй адил.
  16. Сэтгэгдэл бичихэд бүртгэл, и-мэйл хаяг зэрэг илүү дутуу зүйл шаардахгүй байх. Уншигч өөрийн сэтгэгдлээ бичиж байгаа нь л өөрөө нөр их хөдөлмөр юм. Үүн дээр нь дахин ажил удах хэрэггүй.
  17. Сэтгэгдлийг нэг бүрчлэн хянадаг байх. Сэтгэгдэл нэртэй сурталчилгаа, бүдүүлэг үг хэллэг зэргийг устгаж цэвэрлэж байхгүй бол нэг л мэдэхэд живнэ шүү.
  18. Нийтлэлийн үнэлгээнд бас анхаарлаа хандуул. Санаатайгаар хамгийн муу үнэлгээ өгдөг хүмүүс мэр сэр байдаг. Тухайн нийтлэлд нэг хэрэглэгч нэг удаа, нэг IP хаягаас мөн адил нэг удаа үнэлэхээр тохируулж өгөх нь оновчтой байдаг.
  19. Уншигчидтайгаа хэрэлдэхгүй байх. Тэд уураа гаргадаг мешок чинь биш гэдгийг үргэлж санаарай.
  20. Эрээн мяраан зар сурталчилгаа, хөдөлгөөнт зураг, урсдаг текст зэрэг нь хүний нүдэнд их тээртэй, амархан ядраадаг. Иймээс ашиггүй, шаардлагагүй тохиолдолд тэдгээрийг оруулахгүй байх нь зөв.
  21. "Тавтай морил", "Хуулахгүй шүү" зэрэг мэдээлэл бүхий харилцах цонх болон баруун товчийг хорих нь хэнд ч таалагддаггүй. Уншигчдаа хүндэлж, тэдний тав тухыг бүрдүүлэхэд анхаар.
  22. Шууд ашиг олно гэж байхгүй. Блог нээгээд, хэдэн нийтлэл бичээд, нэг газраас баннер авчирч тавиад.. мөнгө олоод.. Ихэнх тохиолдолд хий хоосон мөрөөдөл. Блогоороо дамжуулан мөнгө олоход шаггүй сайн бизнес санаа, төлөвлөгөө бас менежмент, түүнийхээ дагуу ажиллаж бүтээсэн үр дүн хэрэгтэй.
  23. Элдэв дуу чимээг оруулахдаа бодолтой хандаарай. Цочоод өнгөрөх нь бүү хэл зүрх нь зогсчих ч юм билүү.
  24. Нийтлэлийнхээ форматыг зохимжтойгоор сонгох, тогтсон хэв журмыг дагаж мөрдөх. Хайш яаш бичсэн нийтлэл байндаа биш банзанд тусна.
  25. Уншигчдаасаа ямагт нэг алхам түрүүлж яв. Тэд чамайг үнэлэхээ боливол блог чинь дуусах нь тэр.
  26. Булхайцах. Жишээлбэл өөрөө өөрийнхөө нийтлэлийн дор бусдын нэрээр сэтгэгдэл бичих, өндөр үнэлгээ өгөх, 18+ материал оруулах зэрэг. Булхайцах эсэхээ та өөрөө л шийд. Дашрамд хэлэхэд би нэг ч удаа булхайцаагүй, булхайцах ч үгүй.
  27. Домэйн нэр. Хэзээ ч хаашаа ч нүүх юм билээ. Монголчууд угаасаа нүүдэлчид юм чинь. Өөр блог үйлчилгээ рүү шилжихэд блогийн чинь нэр өөрчлөгдөж уншигчид чинь чамайг олохоо болино. Харин өөрийн гэсэн домэйн нэртэй бол ийм асуудал үүсэхгүй.
  28. Тууштай байх. Блог хөтлөхөд асар их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, цаг хугацаа шаардагддаг. Маш сайн явж байснаа "хаалгаа барьсан" блог олонтаа тааралддаг. Хэрвээ ухарч няцах л байсан юм бол анхнаасаа блог нээхийн ч хэрэггүй. Хайран хөдөлмөр, зүтгэл, цаг хугацаа. Тууштай зүтгэсэн нь л амжилтад хүрдэг.

Блог хөтлөхөд "жижиг" зүйл гэж байхгүйг үргэлж санаж байгаарай.

За ингээд амжилт хүсье.