Энд илэрхийлэх санааг миний эргэн тойрныхон эрс эсэргүүцээд бүр цаашлаад намайг элдвээр загнаж үглээд байгаа юм. Тэглээ ч би өөрийнхөө үзэл бодлын зөв гэдэгт итгэлтэй байж ухарч няцахгүй байгаа л даа. Харин та юу гэх бол?

Буян үйлдэж байхад чинь "нүгэл үйлдээд.." гээд хөндлөнгөөс хушуу дүрвэл та яах бол? Бусад хүмүүс ч бас яах бол? За ингээд эхэлье.

Бид буян үйлдэх ёстой. Гэхдээ нас барсан буюу өнгөрч одсон хүний хойноос биш харин хойч үеийнхээ төлөө, нийт хүн төрөлхтний ирээдүйн төлөө үйлдэх хэрэгтэй.
Миний бодлоор бид ирээдүй хойчийнхоо өмнө нүгэл үйлдээд л байгаа юм. Тэд биднийг уучлах болов уу? Дэлхийн нөөц баялгийг хайр найргүй үрэлгэн ашиглаж, цамаан загнасан тэнэг биднийг уучлах болов уу? Буян нэрийн дор үйлдэж байсан нүглийг минь өршөөх болов уу?

Зул өргөх

  • Зулын утаа - агаарын бохирдлын нэгэн эх сурвалж болохоос гадна нь дэлхий агаар мандлыг хүлэмж болгоно. Үр дүн нь Дэлхийн дулаарал.
  • Ялгарах дулаан - бас л ойлгомжтой. Дэлхийн дулаарал.
  • Зарцуулагдах түүхий эд - Тэр шар тосыг хүнсэнд хэрэглэсэн бол түүний оронд идэгдэх байсан нэг ургамал, нэг амьтны амь хэлтэрнэ. Голыг нь хийсэн хөвөнгөөр богино ч гэлээ утас хийсэн бол, цөгцнийх нь төмрөөр илүү хэрэгцээтэй эдлэл хийсэн бол.. Зулыг асаасан ширхэг шүдэнз ч бас.. Ийнхүү үнэт түүхий эдийг зүгээр л шатааж устгаж байгаа нь Дэлхийгээ хайр найргүй мэрж байгаагаас өөрцгүй санагдана.

Цацал өргөх

Хайран цай, сүүг зүгээр асгах нь бактеруудад л буян болох байх. Гэвч тэд тэр асгадас байсан байгаагүй хоол хүнсээр хангалттай байдаг. Зүгээр цацаж орхисон сүүгээрээ үр хүүхдээ хоолловол харин буян болох байх даа.

Тахил өргөх

Байдаг эсэх нь ч үл мэдэгдэх зүйлийн нэр барьж мал, амьтны амийг таслах нь буян биш харин ч маш том нүгэл биз ээ.

Өргөл барьц

Эрт цагт овоолж орхисон чулууг харахаараа л очоод бөөн хог новшоор будаж орхих нь Эх Дэлхийгээ бохирдуулж байгаагаараа бас л нүгэл билээ.

Хадаг яндар уях

Хаа нэгтээ аз тохиолоор ургасан ганц нэг мод харахаараа л бөс даавуу уяж, хавь ойроор нь бэдчиж талхлаад л. Тэгээд үр жимсийг нь гишгэчиж устгаад байхаар тэр мод яаж үржиж олшрох юм бэ. Ганц мод чигээрээ л байсаар байна шүү дээ.

Хүмүүсээ эргээд амилахгүй үхэж улирагсдын араас биш харин ирээдүй хойчийнхоо тусын тулд жинхэнэ буяныг үйлдэцгээе.