2011 оны эхээр бичиж байсан энэхүү тэмдэглэлээ 2018 оны сүүлээр цаг үетэй нь нийцүүлэн иж бүрэн шинэчилж бичив.

Latex бол хэвлэлийн эх бэлтгэх олон улсын стандарт систем юм. Үүнийг ашиглаж ном, сэтгүүл, эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлан, үзүүлэн, гарын авлага, тараах материал зэрэг олон зүйлийн эх бэлдэх боломжтой. Би хувьдаа Word, Excel, Indesign зэрэг програм хэрэглэдэггүй учраас тэдгээр програмаар хийдэг бүгдийг энэхүү LaTeX програмаараа л хийдэг.

LaTeX нь компьютерийн үйлдлийн системээс шалтгаалсан хэдэн хувилбартай ч эх бэлтгэл болон гарах үр дүнгийн хувьд ямар ч зөрүү байдаггүй. Тодруулбал хэвлэлийн эх, түүнд багтах агуулга, хэлбэржүүлэлт зэргийг тусгай хэл ашиглаж бичдэг учраас ямар үйлдлийн систем, LaTeX-ийн ямар хувилбар ашигласнаас шалтгаалж эх бэлтгэх ажил, түүний үр дүн янз бүр болдоггүй.

Түүх өгүүлсүү

Би анх LaTeX-ийг Windows үйлдлийн систем дээр MikTeX хувилбарыг нь WinEdt програмын тусламжтай хэрэглэж байсан. WinEdt нь юникод дэмждэггүй байсан тул монгол гарын драйвер ашиглаж бичдэг байсан. Тийнхүү Monkey зэрэг монгол гарын драйвер ашиглах нь өнөө цагт мэдээж тохиромжгүй. Ингээд монгол гарын драйвер ашиглахгүй шивэх, тэгэхдээ ажиллахад хамгийн аятайхан редактор програм хайж эхэлсэн. WinEdt редактор нь үгийн алдаа шалгах толь бичигтэй, урвуу хайлттай гэх мэт олон сайн талтай боловч unicode кодчилол дэмждэггүйгээрээ монгол хэл дээрх эх бэлдэхэд тохиромжгүй болж байсан юм. Үүнээс гадна TeXMaker, LeD гэх зэрэг олон редактор байдаг ч аль нэг талаараа дутагдалтай байлаа. Тухайн үед миний тавьж байсан шаардлага:

  1. Unicode дэмждэг байх
  2. WinEdt програмаас дутуугүй байх.

Мөн үүнээс гадна "LaTeX дээр яаж монголоор шивэх вэ?" гэж хүмүүс ч нэлээд асуудаг байлаа. Тэгээд TeXMaker хэсэгхэн зуур ашигласан. Улмаар 2011 оноос эргэлт буцалтгүй Linux тархац хэрэглэдэг болсонтой холбоотой LaTeX-ын хувилбар TeXLive болж солигдсон. Бас мэдээж ашигладаг редактор програмаа ч бүрмөсөн солих болсон. Ингээд тухайн үед Kile гэдэг програм суулган хэдэн жил ашигласан. Тийнхүү анхлан TeXLive хэрэглэж байхад монгол хэлний babel багц суулгах, тохируулж хэрэглэх гэдэг зүйл тэр үедээ л хөөрхөн асуудал болдог байлаа. Тиймээс энэ нийтлэлийн анхны хувилбарт монгол хэлний багц суулгаж идэвхжүүлэх, үгийг үеэр таслахад гардаг алдаа дутагдлыг засч арилгах болон тухайн үед ашиглаж байсан Kile редакторын урвуу хайлтыг тохируулах зэрэг тэр үедээ л нарийн төвөгтэй олон олон зүйлсийн талаар бичиж байжээ.

Texlive бүтнээр нь суулгах

sudo apt install texlive-full

TeXstudio редактор суулгах

sudo apt install texstudio

Монгол хэлний babel багц дуудах

Монгол хэлний багц ашиглахын тулд tex файлынхаа толгойд дараах мөрүүдийг нэмж оруулна.

\usepackage[utf8x]{inputenc}
\usepackage[mongolian]{babel}

Монгол хэлтэй толгой файлын жишээ

\documentclass[12pt]{letter}
\usepackage[utf8x]{inputenc}
\usepackage[mongolian]{babel}
\usepackage[a4paper,margin=2cm]{geometry}

\begin{document}
\begin{center}
\textbf{\large ГАРЧИГ}
\end{center}

\end{document}

Гадаад хэлний babel багцтай хамт хэрэглэх буюу нэг баримт дотор хоёр өөр хэлээр шивэх

Жишээ болгон монгол англи хольж шивэхийг авч үзье. Үүний тулд аль аль хэлний багц дуудна.

\usepackage[utf8x]{inputenc}
\usepackage[mongolian,english]{babel}

Энэ тохиолдолд баримтын үндсэн хэл нь англи хэл байх болно. Үүн дээрээ монголоор бичье өөрөөр хэлбэл үндсэн хэлээс бусад хэлээр бичье гэвэл дараах байдлаар шивнэ.

\foreignlanguage{mongolian}{монгол кирилл үсэгнүүд}