Цагаан Сарын Шинийн Нэгэн.. Аль хэд хоногийн өмнөөс л цагаан сарын бэлтгэл ажил гэж эхэлсэн. Одоо хавтгайрсан "золголт". Бас л хэд хоног үргэлжилнэ. Хүмүүс их л сайхан инээж ханиагаад л.. баярлаж цэнгээд.. жаргалтай л байгаа бололтой.

Харин миний хувьд жирийн өдрүүдээс ч илүү их уйтгартай, ядаргаатай, залхмаар байна аа.

Өнөөдөр баярын өдөр биш харин энгийн нэгэн амралтын өдөр байсан бол хичнээн сайхан байх билээ. Дураараа, хүссэнээ хийгээд л.. Таскбар дахь цаг агаарын мэдээний заалт -12 градусыг зааж байна. Өөрөөр хэлбэл гадаа маш сайхан байна. Ийм өдөр хотоос гадагш салхинд гарах, ядаж л ойр зуур алхахад ч тааламжтай шүү. Ер нь өнөөдөр жирийн өдөр байсан бол СкайРесортод очиж шинээр авсан цанынхаа шидийг гаргах байсан байх аа. За тэгээд өөр юу эсийг хийж болох билээ дээ.

Гэтэл өнөөдөр шинийн нэгэн болохоор хамаг газрууд хаалттай. Гадныхны ордог тоотой хэдэн цагаан хоолны газар л онгорхой байдаг санагдана. За тэгээд орой тийшээгээ барнууд онгойх биз. Гэхдээ баранд орж үлийгээ ч хийх билээ дээ. Өө мартсанаас.. Бар луу шагайлгүй, архи уулгүй яг 10 жил болж байна шүү.

Өнөөдөр буюу Цагаан сараар бууз жигнэх, цэвэрлэгээ хийх зэрэг ажлыг гарынхаа арьсыг хуурайштал хийж байна аа.

За тэгээд л золгох, үнсүүлэх, олон нийтийн дунд биеэ барьж цомцойж суух, "даага далантай" зэрэг жижүүрийн хэдэн үг хэлэлцэх, нил өөх мах идэх /заавал ид, амс гээд шахаад байдаг шүү дээ/, за тэгээд архийг нь уухгүй гэж түлхэх гэх мэтээр эдгээр өдрүүдэд хийх ажил тодорхой заалттай. Өө бас автозам жирийн өдрүүдээс илүү их ачаалалтай. Баахан түгжирч мөлхөнө. Ядахад онгирч хөөрсөн юмнуудаас нь болгоомжилж явах шаардлагатай.

За тэгээд наадам, шинэ жил бас бусад баярууд ч гэсэн дээ. Нэг л хүлэгдмэл, эрх чөлөөгүй, хавчигдаад л, боогдоод, хамаг юм заалгаатай.

Наадмаар хамгийн хэцүүтэй нь

  • Гэртээ тайван сууя гэхэд хажууд баахан хүмүүс ирж гуагачаад тэсэхийн аргагүй /манайх лагерьт зусдаг юм/.
  • Хэд хоног ажилгүй юм чинь гээд хотоос гаръя гэхэд хамаг гол ус, аятай тохьтой газруудад бөөн хүн шаваастай.
  • За тэгээд л иддэг хоол нь боодог хорхог, уудаг ундаа нь архи пиво. Халуун зунаар шүү.

Нээрээ өнгөрсөн шинэ жилээр ямар ч арга хэмжээнд очоогүй юм байна. Бас шинэ жилтэй холбогдох зүйл юу ч хийгээгүй юм байна. Зүгээр л өөрийн дураараа байж өнгөрүүлсэн. Салют ч буудуулаагүй. Тэгж нойроо хугаслаж байснаас унтаж амарч байсан нь дээр санагддаг. Тиймдээ ч гарынхаа сарвууг дэлбэлчихээгүй юм байна шүү. Зурагтаар салютанд гараа зад татуулсан хүмүүсийг харуулаад л байсан. Тэсэрч дэлбэрэх аюултайг нь мэдсээр байж яах гэж бусдыг дуурайж буудуулсан юм дээ, хөөрхий зайлуул. Тэгсэнээс зүгээр л өөрсдийнхөөрөө л байхгүй. Хятадууд еэвэн сараараа салют буудуулаад тосгоноороо шатаж тун сайхан баярлацгаадагтай л адил болоо биз.

Надтай адил үзэл бодолтой, ядаж л миний хэлсэнийг үл эсэргүүцэх хүн байх болов уу? Энд бичиж илэрхийлсэнээ нэг танил бүсгүйгээс өөр хүнд цухуйлгаж байгаагүй юм байна. Тэр надтай санал нэгтэй байсан. Харин та?