Ubuntu дээр Xampp суулгах болон тохируулах
Xampp веб серверийг Ubuntu Linux үйлдлийн систем дээр суулгах ба тохируулах
Ubuntu үйлдлийн системд 100 хувь шилжсэнээс хойш нэлээд хэд хонолоо. Мэдэхгүй чадахгүй зүйлээ уншиж судлаад тулгарч байгаа асуудлуудаа шийдсээр л явна. Өнөөдөр өглөө Xampp суулгаад дараа нь хэсэг зуур гадуур гараад эргэж орж ирээд тохируулгыг нь өөрчлөх болон ойр зуурын юм хийж гүйцээлээ. Мэдээж анх удаагаа суулгаж тохируулж байгаа болохоор мэдэхгүй, чадахгүй зүйлс гарч л байна. За тэгээд Ubuntu болон Xampp-ийг судалж бас анх удаагаа хэрэглэж байгаа хүмүүст тус болох үүднээс өнөөдрийн ажлаа эмхэтгэж бичлээ.
Xampp нь хийж байгаа вебээ яг л интернэтэд байрлуулсан юм шиг ажиллуулж, шалгаж, турших боломжийг олгодог бөгөөд суулгаж тохируулахад тийм ч амаргүй Apache, MySQL, PHP зэргийг нэг дор багтааснаараа их "буян үйлдэж" байдаг юм. Үүнээс гадна Xampp нь олон үйлдлийн систем дээр ажилладаг бас илүү олон нэмэлт /SSL, webalizer веб статистик зэрэг/ боломжуудтайгаараа WampServer-ээс давуутай юм байна.
1. Татаж авах, суулгах, шалгах, устгах ба үндсэн командууд
Linux үйлдлийн системд зориулсан Xampp-ийн хувилбарыг эндээс татаж авна. Мөн энд суулгах, шалгах, эхлүүлэх, зогсоох, устгах ба ямар төрлийн нууцлалыг хангахад анхаарах ёстой зэргийг дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Энэ зааврыг нь дагаж хийхэд миний хувьд ямар ч асуудал ба ойлгомжгүй зүйл гараагүй болно.
2. Start ба Stop командыг хялбарчлах
Терминал дээр "sudo /opt/lampp/lampp start" гэж бичээд байх нь олон давтагдаад ирэхээрээ ядаргаатай юм байна. Иймээс үүнийг хялбарчлах аргыг зааж өгье.
I арга
- Цэснээс Main Menu (Menu->System->Preferences->Main Menu) хэрэглүүрийг дуудна. Хэрэв байхгүй байвал Ubuntu Software Center-ээс нэмж суулгах боломжтой
- Тохирох цэсээ сонгоод "New Item" товчийг дарна
- Type талбарт "Application in Terminal" гэж сонгоно
- Name талбарт жишээлбэл "Start Xampp" гэнэ
- Command хэсэгт "sudo /opt/lampp/lampp start" командаа оруулна
- Comment хэсэгт хүссэнээ л бичээрэй
- Icon дээр нь дарж өөрийнхөө хүссэн icon-ийг зааж өгч болно
- Эцэст нь Close
Stop командыг яг үүн шиг оруулж болно. За ингээд үндсэн цэснээсээ Xampp-аа удирдаад байж болох боллоо.
II арга
Санаа нь дээрхтэй адил ба ялгаа нь гэвэл цонх нээгдэх л байгаа юм.
sudo /opt/lampp/manager-linux-x64.run
маягийн команд бүхий menu item-ийг үүсгэнэ. Эсвэл зүгээр л энэ командыг терминалаас өгч болно.
3. Вебийн root хавтасны байрлалыг өөрчлөх
Xampp серверийн root хавтас "/opt/lampp/htdocs/" зам дээр байрладаг. Энэ хавтсанд нь вебээ байрлуулаад хөгжүүлж болох ч гэлээ нэлээд тохиромжгүй, зовлонтой. Учир нь уг хавтас нь Windows-ээр зүйрлүүлбэл "Program Files" хавтсанд байрлаж байна л гэсэн үг.
Жишээлбэл би хөгжүүлж байгаа вебүүдээ өөрийн Home хавтсанд Web гэсэн нэртэй хавтас үүсгэж байгаад байрлуулахаар шийдлээ. Хэрвээ терминал чинь нээлттэй байгаа бол дараах командыг өгч хавтсаа үүсгэж болно.
sudo mkdir ~/Web
За ингээд дараагийн алхамд "/opt/lampp/htdocs/web" замыг "Web" нэртэй шинэ хавтас руугаа заая.
sudo ln -s ~/Web /opt/lampp/htdocs/web
Одоо интернэт хөтчөө нээж байгаад "http://localhost/web/" хаягаар ороод үзээрэй.
4. Xampp New Security Concept
За нэг ийм мэдээлэл шидээд PHPMyAdmin уншигдахгүй болсныг нь хувьдаа /opt/lampp/etc/extra/httpd-xampp.conf файлын <Directory "/opt/lampp/phpmyadmin"> хэсэгт Require all granted гэсэн мөрийг нэмж дараах байдалтай болгож аргалсан. Google-дэж үзэхэд өөр олон заавар байсан ч огт нэмэр болсонгүй.
<Directory "/opt/lampp/phpmyadmin">
AllowOverride AuthConfig Limit
Order allow,deny
Allow from all
Require all granted
</Directory>
За ингээд л боллоо доо.