Монголд Linux-ийг хэрэглэгчид тийм ч цөөнгүй, бас суулгаж сонирхож байсан хүмүүс ч нэлээд олон болов уу гэж бодогддог юм. Гэсэн ч Windows-ээс бүх нийтээрээ татгалзаж өгөхгүй байгаагийн шалтгааныг

  1. Linux тархацаа оновчтой сонгоогүй
  2. Тууштай хэрэглэдэггүй, шантардаг
  3. Windows-тэйгээ адилтгаж үзэх, үгүйлэх
  4. Дассан, зуршсанаасаа салах, шинэ зүйлийг хүлээн авахдаа хойрго зан чанар

зэрэгтэй холбож үзэж байна.

За ингээд Windows-ийн оронд Ubuntu-г сонгох шалтгаануудыг тоочъё.

  1. Ubuntu бол бусад Linux тархацуудын нэгэн адил үнэгүй чөлөөтэй юм. Зүгээр л интернэтээс чөлөөтэй татаж аваад дискэнд бичээд л шууд ашиглах боломжтой.
  2. MS Office зэрэг програмуудыг худалдаж авах шаардлагагүй болно. OpenOffice ба бусад програмуудыг үнэ төлбөргүй ашиглах боломжтой.
  3. Одоо хэрэглэж байгаа компьютерийнхээ хүчин чадлыг сайжруулах албагүй. Windows-ийн шинэ хувилбарууд таныг бараг л шинэ компьютер худалдаж авахад хүргэдэг. Ubuntu нь маш бага хүчин чадал шаарддаг учраас таны хуучин компьютерт шинэ амьдрал бэлэглэх болно.
  4. Ubuntu бол илүү тогтвортой, алдаа багатай, хурдан шинэчлэгддэг. 6 сар тутамд Ubuntu-гийн шинэ хувилбар гарч байхад Windows-ийн шинэ хувилбар хэдэн жилээр хүлээгддэг.
  5. Вирус гэж санаа зоволтгүй болно. Цөөн хэдэн вирус илэрдэг ч тэдгээр нь сүйдтэй хор хөнөөлгүй. Тиймээс вирусны эсрэг Norton, Kaspersky зэрэг програм худалдан авах шаардлагагүй. Вирусны эсрэг програм ажиллуулахгүй учраас компьютер чинь хөнгөхөн ажиллах болно.
  6. Монгол хэлийг бүрэн дэмждэг. Windows-ийн хувьд өөрөө монгол үсгийг дэмждэг ч гэлээ дээр нь ажилладаг ихэнх програмын хувьд монгол үсгээр бичнэ гэдэг "гонжийн жоо" байдаг. Тэгээд л монгол гарын драйвер суулгаад.. түүнийг нь дагасан бөөн асуудал босч ирдэг шүү дээ.
  7. Update Manager гэдэг ганцхан програмаар л бүх шинэчлэлтээ хийчихнэ. Гэтэл Windows-ийн хувьд програм бүрийн шинэчлэлт тусдаа байдаг шүү дээ.
  8. Хулгайн програмуудаас ангид байх болно. Бүх програмуудыг нь хуулийн ёсны дагуу үнэгүй ашиглах болно.
  9. Шинэ програм олж авахын тулд эрэл сурал болох шаардлагагүй. Ubuntu Software Center-т мянга мянган програм байдаг.
  10. Зөвхөн Windows дээр л ажилладаг үнэхээр чухал хэрэгтэй програм байвал Wine, Virtualbox зэрэгт суулгаад ашиглах бүрэн боломжтой.
  11. Хэдийгээр тоглоом цөөтэй ч гэлээ байгаа хэд нь бас л чөлөөтэй. Бас хайртай тоглоомоо дээрхийн адил Wine-даад тоглосон ч болно л доо.
  12. 4 desktop-той учраас олон цонхны дунд төөрч будилахын зовлонг эдлэхгүй. Бас дажгүй визуал эффектүүдтэй.
  13. Таны компьютер өдрөөс өдөрт удааширсаар л байна уу? Тэгвэл ийм зүйл Ubuntu-д байхгүй.
  14. Windows хэрэглэгчид системийн хурдаа багасгахгүйн тулд байсхийгээд л Defragment хийхлгэдэг бол Ubuntu-гийн хувьд үүнийг үүрд мартана.
  15. Ubuntu хэрэглэгчид бие биедээ найрсгаар хандаж, уриалгахан нь аргагүй тусалдаг. Элдэв төрлийн зөвлөгөө, заавар интернэтэд хангалттай их байдаг. Харин Windows-ийн хувьд худалдаж авсан мөртөө л ихэнх зүйл нь хаалттай байдаг. Тулгарсан асуудлаа шийдэж чадалгүй орхих үе бишгүй л байдаг.

За үүнээс өөр шалтгаанууд ч бас бий л дээ. Энд олон нийтэд хамаарах нийтлэг хэдийг нь л дурдлаа.

Ubuntu-г хэрэглэж байгаагүй бол сонирхоод үзээрэй. Хэрэглэж байгаа бол битгий шантарч буцаарай. Амжилт хүсье.