Ubuntu Linux-ийн зарим нэр томъёонууд
Өргөн хэрэглэж буй Linux тархац болох Ubuntu үйлдлийн системийн зарим чухал, суурь нэр томьёо, ойлголтуудын энгийн, хялбар тайлбар
Ubuntu Linux-ийг сонирхож эхэлж байгаа, шинэ тутам хэрэглэж байгаа хүмүүст хэрэг болох болов уу хэмээн үүнийг бичлээ. Ubuntu нь мэдээж Windows-өөс огт өөр үйлдлийн систем учраас бас л өөр нэр томъёонуудтай. Энд нийтлэг тааралддаг нэр томъёонуудыг тайлбарлахыг оролдъё. Эдгээрийг мэдсэнээр Ubuntu үйлдлийн системд холбогдох зөвлөгөө, заавар сэлтийг уншиж ойлгох, улмаар уг үйлдлийн системийг хэрэглэхэд дөхөм болно.
- Desktop Environment: Энэ бол үйлдлийн системийг хэрэглэж байгаа хүнд харагдах график интерфэйс юм. Үүнд theme, ханын цаас, дуу чимээ, цонхны зохион байгуулалт, хавтаснуудын бүтэц гэх зэргийг хамруулан ойлгоно. GNOME ба KDE хоёр бол хамгийн өргөн тархсан desktop environment буюу орчин юм. KDE нь Windows-ийнхтэй илүү төстэй учир Windows хэрэглэж байсан хүмүүст илүү "танил" байх болов уу.
- Kernel: Linux үйлдлийн системийн гол цөм, амин зүрх юм. Энэ нь ажиллаж байгаа процессуудыг процессортой холбож өгдөг. Ubuntu, Kubuntu, Fedora, OpenSUSE зэрэг тархацууд цөм Linux цөмийг ашигладаг.
- Distro: Distribution буюу тархацыг заримдаа ингэж товчилдог. Тархацууд олон байдгийн шалтгаан нь Linux-ийн эх код нь нээлттэй, түүнийг нь хүмүүс чиглэл чиглэлд эрчимтэй хөгжүүлж байдагтай холбоотой. Ийнхүү програм хангамж ба desktop environment орчин нь олон хувилбараар сайн хөгжсөний дүнд бид хүүхдийн, сургалтын, программистуудын гэх мэтийн олон тархацаас сонголт хийх боломжтой болжээ. Ubuntu-гаар жишээлбэл, Ubuntu ба Kubuntu нь хоёулаа адилхан Ubuntu Linux дээр суурилсан боловч хоёр өөр програм хангамж ба desktop environment, бүр тодруулбал Ubuntu нь GNOME харин Kubuntu нь KDE орчинтой юм. Мөн Ubuntu Studio бас Edubuntu зэрэг хувилбарууд байна. Гэвч эдгээр бүх Ubuntu тархацууд нь бүгдээрээ Linux цөм дээр суурилдаг.
- Synaptic Package Manager: Үүнийг Windows-ийн Control Panel дахь "Add/Remove Programs"-тай адилтгаж болно.
- Repository: Програм хангамжуудын сан гэж болох юм. Бид энэ сангаас Ubuntu Software Center-ийг ашиглан хүссэн програмаа авч ашигладаг билээ.
- Packages: Програмын файлууд ба үүнийг суулгах, устгаж зайлуулах зэрэг мэдээллийг агуулсан багц юм. Windows-ээр зүйрлүүлбэл програмын setup нь гэх юм уу даа.
- Mount: Үүнийг холбох гэж ойлгож болно. Жишээлбэл компьютерт залгаатай байгаа hard disk бас флэш зэргийг Linux руу mount хийж байж ашиглах боломжтой болдог. Харин буцааж салгахдаа unmount хийхэд л хангалттай. Харин Windows дээр 'Safely Remove Hardware' гэж харагддаг.
- Terminal буюу Console: Үүнийг Windows-тэй холбож тайлбарлавал "Command Prompt" гэсэн үг.
- Home: "Documnets and Settings"-тэй адил хэрэглэгчдийн ажлын хавтас бөгөөд Windows-өөс ялгаатай нь үүнийг Ubuntu-г анх суулгаж байхдаа тусдаа партишнд байрлуулахаар зааж өгч болдог.
- Swap Area: Windows-ийн PageFile-тай адил. RAM буюу шуурхай санах ойн багтаамж хүрэлцэхгүй болж ирэхэд үүнийг ашигладаг. Ubuntu-г анх суулгахдаа тусдаа партишн маягаар зааж өгдөг.