Статистик миний оюуны мэлмий
Монголын өнөөгийн нийгэмд Статистикийг судлах хийгээд түүнийг хэрэглэхийн утга учир ба хэрэгцээ шаардлага
Сүүлийн үед тааж ярьдаг, таамгаар ярьдаг, мэдэмхийрч ярьдаг хүмүүс олширсон мэт санагдах боллоо. Хаан хүний үг харьшгүй гэдэг үг бий. Заавал хаан гэлтгүй хүн бүрийн үг харьшгүй байх учиртай биз ээ. Үүнийг сануулах мэт агт алдвал барьж болдог ам алдвал барьж болдоггүй гэсэн үг ч байдаг. Бүр улсын хууль цааз бараг л батлагдсан дороо ухарч буцах болсон нь ямар учиртай юм бол? Төрийн түшээдийн оюуны мэлмий мохсон хэрэг юм болов уу?
Статистик бол миний оюуны мэлмий гэж бахдалтайгаар хэлж чадна. Учир нь статистик үзүүлэлт, шинжүүр бас бусад нарийн шинжилгээнүүд болон төрөл бүрийн диаграмуудын тусламжтайгаар хүрч чадахгүйгээ мэдэрч, харж чадахгүйгээ төсөөлж, санаж сэдээгүйгээ мэдэж таньдаг юм.
Ийнхүү бахдахын уг шалтгаан нь статистик дүгнэлтүүд үнэний хэмжүүр болох магадлалаар хэмжигдсэн байдагт оршино. Өөрөөр хэлбэл, гарч буй үр дүн бүр хэр үндэслэлтэй нь тов тодорхой байдаг. Ийм тодорхой үр дүнгүүдээс төрөх оюун дүгнэлтүүд миний оюун ухааныг "цэнэглэнэ". Цаашлаад математик статистикийн улам их арга зүйг эзэмших тусам миний мэдрэхүй улам хүчирхэгжинэ. Ингээд "Надад тулах цэг өгчих. Тэгвэл би дэлхийг эргүүлээд өгье." гэж Архимедийн хэлж байсантай төстэйгөөр "Надад шаардлагатай өгөгдлийг л өгчих. Тэгвэл би таны оюун бодлыг эргүүлээд өгье." гэж бардам амлаж чадна.
Ийнхүү үндэслэлтэй, тодорхой дүгнэлтээс авсан мэдлэг маань итгэлтэй найдвартай, үүнд үндэслэсэн миний үзэл бодол баттай тогтвортой байна. Энэ хэрээрээ хэлэх үг, хийх үйлдэл зөв зүйтэй, буцаж няцахааргүй болно. Ингэхэд ..
Ингэхэд .. Монгол Улсын маань хууль цааз ухарч буцах болсон нь ямар учиртай юм бол? Төрийн түшээдийн оюуны мэлмий мохсон хэрэг юм болов уу? Эсвэл авилгад цохигдож ухаан нь балартсан юм болов уу? Аль эсвэл эрдэмтэн мэргэдийн үгийг үл тоомсорлох болоо юу? Ер нь л сүүлийн үед тааж ярьдаг, таамгаар ярьдаг, мэдэмхийрч ярьдаг хүмүүс олширсон мэт санагдах боллоо.
Харин таны бодлоор ..