"21 мянга" ба "сул зогсолт"
Халамжийн хавтгайрсан бодлого, түүнийг дагасан бэлэнчлэх сэтгэлгээний талаарх үзэл бодлоо "21 мянга"-тай холбон илэрхийлэв.
Ойр зуурын гүйлгээ хийх, адаглаад л орон сууц, цахилгаан дулааны төлбөрөө төлөхөөр банк руу очиход гадаа нь уртаас урт дараалал угтах болсоор удаж байна. Дараалал бүр үйлчилгээний танхимаас халиад гадаа гарсан байх нь энүүхэнд шүү. Учир нь "Хүний хөгжлийн 21 мянган төгрөг" юм гэнэ ээ. Хэдийгээр өөр гүйлгээг тусдаа хийж байгаа ч "Худлаа хэлж ороод урдуур дайрах гэж байгаа юм. Битгий оруул" гэх хар үг, хялайсан харцнаас эхлээд теллерүүдийн хагас нь тэр "21 мянга"-ыг олгох ажилд дайчлагдсанаас шалтгаалсан хэт ачаалал гээд хэлэх үг бишгүй л байна. Гэвч энэ гоморхлын үгээ орхиод "21 мянга"-ыг арай өөр өнцгөөс харсанаа энд бичье. Энэ бол асар их ажиллах хүчний сул зогсолтын тухай юм.
"21 мянга"-ын дараалалд зогсох хүмүүсийг харахад өөрийн эрхгүй "Ямар их ажиллах хүч хий дэмий сул зогсоно вэ. Зүгээр цацаж байгаа энэ мөнгийг бүтээн байгуулалтад оруулж түүндээ энэ хүмүүсийг ажиллуулсан бол.." гэх бодол тархинд харван орж ирдэг юм. Тэгээд энэ цаашаа "Ажилсаг хүн бол 21 мянган төгрөг байтугай ихийг энд дугаарлаж дэмий зогсохдоо зарцуулахаас ч бага хугацаанд олно доо" гээд л үргэлжилнэ дээ.
Үнэхээр тэр дараалалд ажлын чадвартай, идэр залуу хүмүүс зөндөө харагддаг. Тэгээд л хөгшин настай хүмүүс шиг "эх орны хишиг" гэх маягийн юм яриад, за тэгээд ам дамжсан яриаг сонсоход өнөөх "хишиг" гээчийгээ лонх хатуу юмнаас өгч орхидог бололтой. Надад тэр "21 мянга" нь юун хишиг.. харин ч ард иргэдээ өөрсдийн нэг удаагийн хоолны мөнгөний чинээ өчүүхэн зүйл дээр "алалцуулж" бах таваа хангаж байгаа хэдхэн нөхрийн асар их доромжлол гэж гэж ойлгогддог юм.
Ямар их ажиллах хүч хий дэмий сул зогсоно вэ.
Ажилч хөдөлмөрч хүн 21 мянган төгрөг байтугай ихийг тэнд дугаарлаж дэмий зогсохдоо зарцуулахаас ч бага хугацаанд олно доо.