Ubuntu үйлдлийн системийг хэрэглээд хэсэгхэн хугацааг өнгөрөөсөн ч гэлээ багагүй "адал явдал"-тай учирчээ. За тэгээд ухаан орох цагаасаа л хэрэглэсэн Windows үйлдлийн системийг нэг л өдөр хусч хаяад лэптоп десктоп гээд хамаг компьютертээ зөвхөн Ubuntu суулгаад ашиглаж эхэлсэн болохоор учирсан "адал явдал" үлгэрийн далай болсон гэхэд хэн ч эргэлзэхгүй биз ээ. Ингээд Ubuntu ба Windows хоёрыг энгийн нэгэн хэрэглэгчийн зүгээс харьцуулан дүгнэж бичихээр шийдлээ.

Жаахан дурсамж хүүрнэхэд 10 жилдээ DOS-той компьютер асааж Digger тоглож, Basic хэл дээр програм бичиж, Norton Commander дээр файл хавтастай ажиллаж, хичээлээ хийлгүй Lotus, Doom тоглож Windows 3.11-ийг сонирхож, 95 ба 98-ийг хараад хорхойсч явж билээ. За тэгээд Win2000, ME гээд дараа нь XP-тэй найзлаад адаг сүүлд нь Vista бас 7-той хальт танилцаад дуусах шив дээ.

Харин Linux хэрэглэсэн түүх их товчхон. Хамгийн анх RedHat-ыг гурван дискээр суулгаж үзэж байлаа. Бас дараа нь өөр нэг тархацыг нь. Даан ч тэр үед хичээлийн ойр зуурын даалгавар хийх за бас тоглоом тоглохоос өөр юм хийдэггүй байсан болохоор Linux-ийг тоолгүй орхисон бололтой юм. Харин одоо хэрэглээ өөрчлөгдсөн болохоор Windows-ээс илүүтэйгээр Linux-ийг "шүтэх" боллоо доо.

За ингээд харьцуулалтаа эхэлье. Миний хэрэглээ гэвэл бусдын л адил байх. Гэхдээ програмчлалын хэл оролддог, бичиг баримтуудынхаа эхийг голчлон TeX дээр бэлддэг зэрэг онцлогтой. Мөн ямар ч тоглоом тоглохгүй байгааг дурдах хэрэгтэй.

  1. Техникийн нөхцөл шаардлага
    Ерөнхийдөө Ubuntu-г суулгаж ашиглахад XP давгүй ажилладаг компьютер байхад л хангалттай юм байна. Тиймээс харьцангуй хуучны компьютер дээр Ubuntu суулгасан ч гэсэн давгүй ажиллах юм байна. Бүр хуучны хүчин чадал муутай компьютерт XUbuntu гэдэг тархацыг суулгана гэж байсан. Надад нэг хуучны компьютер ухах хэрэг гарсан ч даанч эвдрэлтэй байгаад XUbuntu-г суулгаж үзэж чадсангүй.
    Харин лэптоп компьютерийн хувьд асуудалтай байна. Миний хувьд зай нь цэнэглэгдэж гүйцэхээр нь тэжээлээс салгах, зарим тохиолдолд асаах үед дэлгэц нь жирэлзээд унтрааж асаахаас өөр аргагүй болдог. Харин десктоп компьютер дээр минь ямар ч асуудалгүй төгс зохицож ажиллаж байна.
  2. Хурд ба гацалт
    Windows-тэй компьютер ажиллах тусам улам удааширдаг бол Ubuntu-гийн хувьд ийм зүйл ер алга. Windows-ийг дөнгөж суулгасны дараа Word зэргийг нээхээр команд өгөхөд шууд л нээгдэж гарч ирдэг шүү дээ. Тэгсэнээ нэмж хэдэн юм суулгаад жаахан ашигласны дараа таг болдог шүү дээ. Бас Windows ачаалагдаж ажилд бэлэн болох хүртлээ чамгүй их юм болж гацаад байдаг бол Ubuntu-гийн декстоп гарч ирэнгүүт л програм дуудаж хавтас нээж ажиллахад ямар ч гацалт зогсолт мэдрэгдэхгүй байна.
    Windows хэрэглэдэг байхдаа компьютерээ хурдан ажиллуулахын тулд TuneUp, CCleaner гээд л янз бүрийн юм ашигладаг, дискэн дэх файлуудынхаа fragment-ийг байн байн засдаг, My Documents болон IDM-ийн temp зэрэг ажлын хавтаснуудыг өөр партишнд шилжүүлдэг, элдэв янзын хог файлууд болон регистерийн хэрэггүй түлхүүрүүдийг уйгагүй устгаж цэвэрлэдэг байсан. Үүний хүчинд бусдын компьютерээс хувь илүү хурдан ажилладаг байлаа. Тэгсэн мөртөө л Ubuntu шиг "хөнгөхөн" ажилладаггүй л байсан. Одоо Ubuntu дээр BleachBit гэдэг програмаар хог файлуудаа устгаж байгаагаас өөр "үйлчилгээ" хийхгүй л байна.
    Гацалт гэснээс Windows хааяа гацаад бүр унтраахаас өөр аргагүй болдог бол Ubuntu-г гацахтай одоогоор нэг ч удаа тааралдсангүй.
  3. Хэрэглэгчийн график интерфэйс
    Ubuntu мэдээж 7 шиг шилэн эффектгүй, үзэмж төгс биш л дээ. Гэхдээ яах вэ, тэрүүхэндээ хөөрхөн эффектүүдтэй. Тэр эффектүүдийг нь харсан хүмүүс дуу алдаж л байдаг юм.
    Харин дөрвийн дөрвөн десктоптой нь олон програм нээж ажиллахад их тохиромжтой. Мөн шинээр нээгдэх цонхнууд десктопны аль сул зайтай хэсэгт эсвэл идэвхтэй байгаа цонхыг аль болох далдлахгүйгээр нээгдэж байгаа нь их аятайхан шүү.
    Ер нь хэрэглэж дадсан тохиолдолд Ubuntu нь илүү Windows нь илүү гэх юм энд алга аа.
  4. Монгол хэлний дэмжлэг
    Ubuntu нь Unicode-ийг бүрэн дэмждэг учраас хаана ч монгол хэлний асуудал гарахгүй. Хүссэн газартаа кирилл монгол үсгээрээ бичиж болно. Харин Windows дээрх зарим програм Unicode дэмждэггүй болохоор хүмүүс Monkey зэргийг ашиглаж бичээд холион бантан хутгахад хүрдэг. Үүний гороор улс дотроо хоёр "бичигтэн" болж хуваагддаг гэхэд яг таарах биз. Тэгээд хоёр өөр бичгээ нэгээс нь нөгөө рүү шилжүүлэхийн тулд unicode хөрвүүлэгч асууж сураглаад бөөн юм болдог шүү дээ.
    Гарын байрлалын хувьд ялгаа байгааг онцлон дурдах нь зүйтэй. Энэ бол үсэг ба тэмдэгт товчлууруудад харгалзах монгол гарын байрлал Ubuntu ба Windows үйлдлийн системүүдийн хувьд ялгаатай байдаг явдал юм. Тодруулбал, Ubuntu дээр "Shift+6" гэж дарвал цэг /./ гарах бол харин Windows дээр 6 /зургаагийн тоо/ гардаг. Эхэндээ энэ нь төвөгтэй байдаг ч төд удалгүй дасчих л юм билээ.
  5. Файл хавтастай ажиллах
    Windows дээр бараг л файлын төрөл буюу өргөтгөл бүрийг бүртгэж аваад дүрс зургаар ялгаж үзүүлдэг бол Ubuntu-гийн хувьд бүх файлын өргөтгөл зүгээр л харагдаж байдаг. Мөн Ubuntu нь файлын төрлийг өөрөө ялгаж таньдаг юм болов уу гэж санагдсан. Учир нь нэг удаа нэрнийх нь төгсгөл хэрчигдээд арилсан тэр гэхийн тэмдэггүй файл татсаныг нээхээр double click-дэж орхитол архивын програмаар RAR файл байна гээд нээгдсэн.
    Бас нэг ялгаа нь Windows дээр ISO зэрэг image файлыг заавал тусгай програмаар mount хийдэг бол Ubuntu дээр image файл төдийгүй бүр архивын файлыг ч mount хийж болдог юм байна.
    Файл хавтастай ажиллахын тухайд гол ялгаа нь файлын нэршил байна. Windows дээр файл нэрлэхдээ ашиглаж болдоггүй тэмдэгтүүд энд чөлөөтэй ашиглагдаж байна. Файлын системийн ялгаанд нь учир байдаг юм уу гээд NTFS файлын системтэй дискэн дэх файлын нэрийг өнөөх хориотой тэмдэгтүүдээр нь өөрчлөхөд болж л байх юм. Бас файлын нэр хоосон зайгаар эхлэхийг зөвшөөрдөг юм байна. Тэгэхээр Windows дээр нээж ажиллах файлынхаа нэрийг бодолтой өгөхгүй бол балрах шинжтэй.
  6. Ажиллах програмууд
    Энэ тал дээр их ялгаа гарч байна даа. Адаглаад л оффисын програмуудыг дурдаж болох юм. Ubuntu 10.10 үүнээс өмнөх хувилбаруудад суусан OpenOffice-ийг нь ашиглаж бичиг баримтын эх бэлдэнэ гэдэг ч ярвигтай л ажил байна. Шулуухан хэлэхэд MSOffice-оос хол дутуу ажээ. Ядахад манайхан бүгдээрээ MSOffice л хэрэглэдэг болохоор бүр хэцүү болж байна. Харин дараагийн хувилбартаа LibreOffice гэдэг програмыг суулгана гэсэн нь энэ дутагдлыг нөхсөн л байгаасай.
    Бусад төрөл чиглэлийн програмуудын хувьд тухайн хэрэглэгчийн онцлогоос л хамаарах юм байна. Мэдээллийн технологи чиглэлд ажилладаг хүнд Ubuntu диваажин бол график дизайны талын хүнд ёстой л гар мухардах газар байна. Хэдий тийм боловч Ubuntu дээр санаанд оромгүй сайн програмууд хамгийн сайхан нь огт үнэгүй байж байх юм. Гэвч зарим нэр төрлийн програмыг орлуулчихаар програм бас л ор тас алга болохыг дурдах хэрэгтэй. Ийм тохиолдолд Wine бүр арга ядлаа гэхэд VirtualBox дотор суулгасан Windows дээр хэрэгтэй програмаа суулгаад ашиглаад байж болох л юм байна. Гэвч ингэж ашиглахад бас төвөгтэй л дөө. Иүү удаан ажиллах, дүрслэлийн алдаа гээд учир дутагталтай зүйл мэдээж байна.
    Ер нь Ubuntu хэрэглэх үү Windows ашиглах уу гэдгээ хэрэглээний онцлог буюу ашигладаг програмуудаасаа л хамааруулан сонгоорой гэж зөвлөх байна даа.
    Програм суулгах тал дээр харин Ubuntu их амар санагдаад байгаа. Ганц команд өгөөд л дуусаа. Харин Windows дээр хэрэгцээгүй олон харилцах цонх дамжиж баахан Next дардаг шүү дээ. За энэ ч яах вэ гэтэл суусан програм ажиллахгүй байх нь бий. Ubuntu-г дөнгөж хэрэглэж эхлэхдээ тоймгүй олон програм суулгаж буцааж устгаж зайлуулж байхад ийм асуудал огт гараагүй.
  7. Интернэт ба сүлжээ
    Lan холболтоор эсвэл Wireless нэт-ээр ороход Windows ч Ubuntu ч аль аль нь ялгаагүй амархан санагдаж байна. Харин гар утас зэрэг төхөөрөмжөөр дамжиж орох нь бэрхтэй байдаг. Гэвч Windows-ийн хувьд драйверийг нь олж суулгаад л төхөөрөмжөө залгаад интернэтэд орно. Харин Ubuntu-гийн хувьд тэгж драйвер суулгана гэсэн юм байхгүй. Уншиж судалж байхад гараар тохиргоо хийх шаардлагатай бололтой юм билээ. Гэхдээ яг одоогийн байдлаар гар утас элдэв янзын драйвер ашиглаж интернэтэд холбогдохоор оролдож үзээгүй байгаа болохоор иүү тодорхой зүйл хэлж мэдэхгүй байна.
    Интернэт хөтчийн тал дээр Google Chrome хөтчийг нэмээд суулгачихвал веб сайтуудаар аялах нь асуудалгүй. Ubuntu дээр Firefox сууж ирдэг бөгөөд Windows дээр төгс ажилладаг хөтөч маань харин энд нэг л гажигтаад байх юм.
    Мессенжерийн тухайд манайхны голчлон ашигладаг Yahoo messenger-ийн клиент програм албан ёсоор Linux-д зориулагдан гардаггүй болохоор ямар нэгэн програмаар дамжиж Yahoo мессенжерт холбогдох болно. Миний хувьд судалж судалж Pidgin мессенжерийг сонгосон. Ганц дутагдалтай нь Yahoo-гийн вебкамер-ийг дэмждэггүй явдал юм. Yahoo вебкамерийг ашиглах боломжтой мессенжерийн програм байдаг ч тэр нь огт таалагдаагүй. Харин эмоцийн тухайд Pidgin-д Yahoo-гийн бүх эмоцийг суулгаж ашиглаж болдог нь их аятайхан.
  8. Аюулгүй байдал ба нууцлал
    Windows дээр вирусны эсрэг програмгүйгээр тэсэх ямар ч аргагүй байдаг бол Ubuntu дээр ийм юм алга. Харин Windows дээр нууц үгээ хийж ороод л дараа нь юу хүссэнээ эрх дураараа хийж сурсан нэгний хувьд Ubuntu-гийн юм л болвол нууц үг асууж permission буюу эрх нэхдэг нь төвөгтэй санагдаж магадгүй.
    Windows ашигладаг байхдаа нэлээн дээр үед нэг сайн вирустээд ахиж вируснээс болж хохирол амсаагүй юм. Үүний төлөө хамгийн хүчин чадал сайтай, олон талын боломжтой гэсэн програмыг нь суулгаж бас байн байн шинэчлэлтийг нь татаж бас гаднаас залгасан зөөврийн дискэн дэх сэжигтэй файлуудыг олж устгах, "но"-той веб хуудас ба холбоосуудыг нээж үзэлгүй орхих гээд бөөн юм болдог байсныгаа бодвол ч одоо жаргаж л сууна. Гэхдээ Ubuntu дээр нэг ч вирус байдаггүй гэсэн үг биш шүү. Байдаг хэд нь хөнөөл багатайн дээр тоо хэмжээний хувьд Windows-ийн язганасан олон бөөс, өт хорхойнуудын хаана ч хүрэхээргүй юм л даа. Хамгийн гол нь вирус ба халдлагаас сэргийлэх тал дээр мэдлэгээ дээшлүүлэх л хэрэгтэй байгаа юм.
  9. Үнэ төлбөр, лиценз зөвшөөрөл
    Linux дээр бүх юм үнэгүй гэж ойлгож болохгүйг онцлон сануулмаар байна. Зарим нэгэн мэргэжлийн нарийн ширийн програмууд өндөр үнэ, нарийн лиценз хэрэглээний нөхцөлтэй. Мэдээж эдгээр програмууд нь бүх үйлдлийн систем дээр ялгаагүй үнэтэй л дээ. Харин Ubuntu Linux-д л байдаг програмууд ямар ч үнэ төлбөргүй бөгөөд эдгээрийн зарим нь Windows дээр өөрөөр хэлбэл платформ харгалзахгүй ажиллахаар бичигдэн тараагддаг. Ийм маягаар Windows рүү хальж орсон маш олон програм байна. Энэ нь Windows-өөс Ubuntu рүү шилжигчдэд тод мэдэгдэнэ.

За, Ubuntu гэж туйлшрахгүйгээр Windows гэж долигонохгүйгээр шударга шулуун бичихэд ийм л байна.